.
Зуун зуунаар ширтэвч тэнгэрээ тэврээгүй, газрын хүслээр,
Зулайгаа нимгэртэл мөргөвч, бурхан тоогдохгүй сүсэгтний итгэлээр
Заяагаа зурахаар хүлгээ дөрөөлсөн, миний хойноос
Зүрхэн дэхь бяцхан сүмийнхээ зулыг мөнх гэрэлтүүлж
Чи минь намайг хүлээ
Дуу алдуулам, торгон шүргээг минь үгүйлэх
Дуу алдам, охь халуун хүслээ
Дурдам хонгор биеийнхээ эс бүхэнд шингээж
Дарс мэт исгээд, ганцхан наддаа хадгал
Тэнгэрийн дуу болж зүрхэнд чинь цуурай хадаахаар
Тэнгисийн долгио болж өлмийг чинь ирж үнсэхээр
Газар тэнгэр шүргэлцэх ирдийн эх орноос
Гарьдын дэвэлтээр цаг хугацааг зүсч
Чамдаа би очино оо
Инж торгон биёээ дурлалын үр болгоод
Ирэх замын минь үзүүрт хайр ургуулж хүлээ
Эвлэж ядсан заяаны өрийг өмөртөл санагалзаж
Эхээс төрсөн биеэрээ нүв нүцгэн хүлээ
Үүрийн алтан хяраанаар, дүрийг минь тэмтчин хүлээ
Үдшийн зэлгээн сүүдрээр, гунигаа эмтчин хүлээ
Үггүй, цаггүй дурсамжаасаа, үнэрийг минь эрж хүлээ
Үүдгүй хаалгагүй сэтгэлээсээ, өөрийг минь олтлоо хүлээ
Бурман шаргал цай чинь, тогоогоо жийж оргиход
Бүжин гэнэн нүдний чинь, аньсага сочин зөгнөхөд
Халтар зээрдийн хатираанд, энгэрийн товчоо шулгануулж
Гантай дөрөөн чимээг, зүрхэнд чинь цахиж буунаа
Энх мэндийн заяа, гэрийн үүдэнд тэврэлдэж
Эс бүхний чинь гомдол болсон, сувдан нулимсаар гагнагдахад
Хорвоог багтаасан энгэртээ амрагийн заяаг шингээж
Хосын бурхан заяаны үүдийг хоёулаа сөхнө өө.
...
2007/12/19
-------- Эр зүрхний шившлэгэ --------
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Уран бүтээлийг тань өмнө нь олоогүй харалган явсандаа харамсаж байх ч нөгөөтэйгүүр одоо учирч байгаадаа ямар их сэтгэлийн таашаал авдагийг мэдэх үү. Урмын хоосон үг биш таны бүтээлд, таны сэтгэлд би дурлаж байх шиг... яруу найраг гэдэг ийм агуу, ийм шидтэй, ийм хүчтэй...би энэ шидийг, энэ хүчийг мэдрэх, түүнээсээ ийм сэтгэл ханамж, таашаал авч чадах ховорхон "чадвар"-тай төрсөнөөрөө бахархаж байна...хүн бүр чадахгүй.
Post a Comment