Тэнгэрт бодлоо зурах моддын
Тэвэрт үүрээ зассан шувуу
Улаан цурав үрсийнхээ, дуунд уяатай эргэлдэж
Ухаангүй нэхэлийнх нь эрэлд, далиа сульдааж өнжинө
Огторгуй зүсэж явсан бардамхан эрх чөлөө нь
Орчлонгын жам, амьдын тойрогт хумигдахад
Үүрэндээ зуу эргэж, үрдээ мянга энэлж
Үдшийн жавраас ч харамлан далавчаараа хучиж хононо
Үрсийнхээ эмзэг зулайг эрүү сунган нөмөрлөхдөө тэр
Үхэл, амьдралын тухай уяран боддог болов уу?
Будант жилүүдийн гэрээс, гэрэлт халуун дурсамжийг
Буудайн чинээхэн зүрхэндээ хадгалж явдаг болов уу?
Хайрлам, эх шувууг харцаараа илбэж суухдаа
Хоолой зангирах бодлоор ижийгээ санаж эмтэрлээ
Үрийнхээ төлөө амьдардаг эгэлгүй хутгыг нь биширч
Үүлгэр орчлонг цочтол таныгаа дуудмаар санагдлаа
Он цагийн салхи, газар дээр таныг минь элээдэг ч
Олон сайхан дурсамжтайгаа та сэтгэлийн минь гүн рүү нүүдэллэдэг
Бүтэн явахын жаргалыг таныг л бодохдоо мэдэрдэг
Бүтэж үхмээр орчлонг, налгар дүр тань уужруулдаг
Танаасаа холд элээсэн гандуу жилүүдийн урсгалд
Тахих бурхан,цэрвэх чөтгөрөө таньсан ч
Сүү урсдаг цээжинд тань мөнх нялхаараа хүү чинь
Сүнсээ тэнгэрт морилтол эхийн алдрыг дуулна аа
Хүний нутгийн хөрсөнд нулимсаа унагадаггүйн учирт
Хоолойд тулсан догдлолоо нутгийн дуугаар аргадна аа
Хүлээхийн зовлонг гэтэлгэж элгийг тань дэвтээн учрахдаа
Хэчнээн их санасныг энгэрт тань нулимс минь шивнэг ээ.
2007/12/06
------- Эх шувуу -------
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment