2007/12/09

...... Сэрэхүй ......

Өнчин лааны гэрэл
Бичгийн ширээг нөмөрч
Өршөөл мэт аниргүйн гүн
Эрх чөлөөг тунхаглахад

Бийрийн торгон үзүүр
Сэтгэлийн долгисоор хөвөрч
Битүүлэг ёртөнцийн чимээнд
Зүрхний мөчир сэрвэгнэнэ.

Бүрлэн саран эрхшээхэд
Харанхуйд нээлхий тэмтэрч
Биеэс уурших сэтгэл
Мэдрэхүйн жигүүрээ дэлгэнэм

Сансрын задгай цээлд
Эмзэг дэлбээгээ дэлгэж
Санаандгүй, элч гялбасыг
Амраг мэт тосном.

Зүүрмэг мандлыг чичин
Харвах аянгын хуйлралаас
Зүсрэх бүлээн бороо минь
Хүмүүний сэтгэлийг норгоно

Гэрэлт цохын агуй мэт
Дуурмаглан саруулсаж хоноод
Гэтэлсэн мөр бүхнээрээ
Арилахуйн амгаланг хүртэнэ

Үүрийн ангир туяаг
Харцаа шатаан угтаж
Үхэл амьдралын тэг дунд
Цагийг эзлэн зогсном

Салхин урсгалд биеэ нэвчээж
Нүцгэн хөлдөө газар тэмтэрч
Сая төрсөн хүүхдийн нүдээр
Эх дэлхийгээ ширтэнэм.

No comments: