2010/03/23

***** Нэг л өдөр ******

.



Нэг л өдөр
Төрсөн гэрээсээ явсан.
Ирээдүйгээс илгээсэн аниргүй цуурайнд
Зүрх битүүхэн түгшиж
Их л холын сайханд
Тэсэлгүй яарсан.
Гэвч

Нэг л биш өдрүүд
Уйтгартайяа цуван ирээд
Дурсагдах мөргүй одож
Нэг л биш жилүүдэд би
Нэг л биш амьдрахдаа
Зүрхээ улам хоосрохыг мэдэрч
Зүүд, амьдралаа ялгахаа болилоо.
Гэвч
Энэ нэг л биш дундаас
Нэг л биш юм олсондоо
Ай
Нэг л их баярласан.

Хайрлаж чадаагүй өдрүүдээ
Малгайгаа авч үдчихээд
Нэг л өдөр
Нутагтаа очино.
Хэгжүүн зангаа хэцийнх нь салхинд гээж
Хөх хөтлийн оройд өвдөг сөгдөнө.
Гундашгүй үзэсгэлэнт уулстаа мөргөнө.

Эх-өрт, үл хүртээгч санагалзал дээр чинь
Эр халуун нулимсаа унагаж
Хүй амирлах нутгийнхаа бүлээн тэвэрт
Бүтэн болохын зөн сэрж
Хүннү дээдсээс онголон суусан
Гүн дардаст хөрсийг чинь үнсэнэ.

Нэг л өдөр.




.

No comments: