2007/12/05

........ Зүсийг нь мэдэхгүй .............

Зүсийг нь мэдэхгүй
Тэр бүсгүйн үгс
Зүрхэн дээгүүр
Хачин ойрхон шүргээд

Цээжний мананг
Өөдөсхөн далиараа сэмэлсээр
Цэцэг зуун ирээд
Бодолд унагачхаад буцдаг

Шинэхэн цэцгийн үнэр
Гэгээлэг алсад даллаад
Энэхэн эгшиний догдлолоор
Би гэгээн болоод

Хүний сайхан бүхнийг
Чиний нэрэнд цуглуулж
Хүйтэн шөнийн уртад
Халуу шатан суудаг аа

Сарны толио тэмтрэх шиг
Чиний тухай бодоход
Сураг алдарсан мөрөөдөл
Хаалга тогшилгүй айлчилна

Нар өөрөөсөө шатдаг шиг
Намайг өөрөөрөө жаргахад
Нүгэл буяны хорвоо
Нүүдэлгүй болж сандачна

2 comments:

Нямка said...

Цэцэг зууж ирээд бодолд унагачихаад буцдаг

Тэр цэцэг ямархан өнгөтэй ямархан үнэртэй бол бас ямархан гунигтайсан бол ...

Л.Санждорж said...

Харанхуй цээжинд гэгээ зурж унасан тэр нойтон цэцэг, сарны мэт нууцлаг өнгөтэй...
Итгэлийн үнэртэй,

Эдгэшгүй мэт зүрхний минь ягаан шархыг үнсэж буусан ч
Элээн сүүдэрт дайруулсан бүдэгхэн гунигтай ...