2009/01/09

Цээжний гүнд гуниг чуулах цагаар

.


Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэцгийн өнгө гологдож нүдээ анимаар санагдана
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Чимээ шуугиант ертөнц, хүмүүс мартагдана

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэн тогорууны бүжиг салхи хээлэх нь үзэгдэнэ
Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Үүлсээ зангирааж огших тэнгэрийн бачимдал мэдрэгдэнэ

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Би нэгэн зул мэт болоод...
Бүдчин, догдлон гэрэл нэрж
Биелшгүйн зүг дураар алхаад
Элсний ширхэг, усны дусал мэт
Элэгдэхээ мэдэрч жаргана
Эхлэл төгсгөлийн утга алдарч
Энд би өөрийгөө харах мэт…

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Зүрх яруусаж...
Зүйлийн гэгэлгэн аялгуугаа зүг бүрт илгээнэ
Хэнхдэг дүүрэн уяралдаа, аньсага чийгтэн хөвөөд
Хоосортлоо санаа алдахад, хөшиг татсан мэт , хорвоо гэрэлтэнэ

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Дотогшоо ширтэхүй...
Манант ертөнцийн бараа маргааш мэт даллахад
Махан бодио хүрэл хөшөө мэт үлдээгээд
Маргааш руугаа өнөөдөр явмаар санагдана

Цээжний гүнд гуниг чуулах цагаар
Цэл залуухандаа гэрээслэл бичмээр санагдана
Цэцэг мэт ургуулсан мөрөөдөл бүхнийг минь гишгэчихсэн
Цэвдэг амьдралын хөрснөөс шувуу шиг тасармаар бодогдоно

Цээжний гүнд гуниг чуулах цагийг
Зүүд мэт үргээж, ижий минь дуудлаа
Эрх сэтгэлийн наран харь ертөнцийг хальж
Ижийдээ үнсүүлэхийн баярт сүнсний гуниг арилжээ


.

6 comments:

Anonymous said...

Bi chamaig dajgui gj bodoj yavdag shuu Amjilt husii

N Tsene said...

Таны блогын бичлэгүүдээс илүү олон хүнд хүргэх, таны блогыг сурталчлах зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлт байвал ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

Л.Санждорж said...

Blogoor mini zochilj setgeliin mini anir dolgisiig tolidson ta 2t bayrlalaa...Amidrald chin setgeliin haluun vgs vrgelj gerel nemj baidag.

Ж.Өлзийжаргал said...

saihan sanagdlaa,sahiusaa.

Uunee said...

Би өнөөдөр хэдэн блогоор орлоо л доо. Дандаа л гунигийн тухай шүлгүүд тааралдаад байгаа нь ямар учиртай юм бол доо.
Гуниг гэж юу байдгийг ухаардаггүй хүн жаргаж яваагаа мэддэггүй
Гунихын жаргал байдаг гэдэгт итгэдэггүй гэж Ичинхорлоо найрагчийн шүлгүүд мөрүүд орж ирээд байх юм.
Тэгэхээр би гунигтай биш эсрэгээрээ, жаргалтай хүмүүсийн блогоор ороод байна гэж бодож байна.
Сайхан санагдлаа.

Anonymous said...

Миний төсөөлөх гэж оролдоод, хүрэн яддаг, хүрэн алддаг... Тэр...

Арима