2008/01/04

..........< Хүсэх минь >.......

.


Суу алсад буй бол
Цуурай минь ч атугай хүрээсэй
Цуцталаа хашгарч хэлье !

Дуу унуулахын шалтаггүй
Дотогш минь буй бөгөөс
Тархиа эцээж асууя !

Бурхан
Эсвэл, биднийг ширтэн суугаа
Үнэнээс асууя !

Буурал этүгэн
Хийгээд
Мөнх тэнгэрээс асууя !

Сансрын энэхэн өртөөнд
Яах гэж би ирсэн юм бэ ?
Сар нарны хооронд
Хэний зараалаар зорчном бэ ?

Бие сэтгэлээ хэлтлэн
Юуны тулд амьдарна вэ ?
*Би * гэж намайг өмчилсөн
Би ингэхэд хэн юм бэ ?

Дэлхий хэмээх үзэсгэлэнгийн
Хүмүүний эрээн зорчилд
Дэлбээ мэт сэтгэл минь
Хиртэж, хэгзэрч гүйцлээ

Гэгээн оршихуй сүнс минь
Нүгэлт амьсгалд гутаад
Гэгээлэг оршихуйг
Гэрээ санах мэт хүсэх нь

Гэрээслэл мэт болов ...

**********************

... Эхээс унахдаа би
Хиргүй ариун байсан
Эс бүхэн минь
Шил шиг тунгалаг байсан

Өмнөх ертөнцийнхөө амгалангаар
Унага шиг унтдаг байсан
Өмнөх ертөнцийнхөө жаргалаар
Өхөөрдөм инээдэг байсан

Өмнөх амьдралынхаа хэлээр
Орчлонг зөгнөдөг байсан
Өмнөх амьдралынхаа ээлээр
Сахиус шиг гэгээн байсан

Тийм ариун байснаа би
Санахгүй ч гэсэн зүүдэлдэг
Тэргэл дагшин заяандаа
Нүгэлгүй байсандаа итгэдэг

Бодол сэтгэлээ ... харин
Санахгүй болтлоо хиртүүлжээ
Босох суухын орчилд
Сүнсээ марттал амьдарчээ...

*******************************
Нүгэл шуналын хорвоо
Нүцгэн биеийг минь дааруулж
Өргөс, зовлон хоёр
Бие сэтгэл өвтгөж

Хагацал хорсол элбэн
Халуун элгийг минь зүсэж
Хайр дурлал гэгч
Хүрэн зүрхийг минь талав

Энд чинь:

Өөрсдийнхөө бүтээсэн зовлонд
Өвдөг нь бохирсон хүмүүс
Өршөөл эрэн уйлж

Өрөөлийн нүдийг чичин
Өврөөс нь зоос суйлахдаа
Зүрхийг нь хамт сугалчихдаг

Хаанаас ирсэн хаашаа явахаа
Мэдэх нь бүү хэл
Мэдэхийг ч хүсэхээ больчихсон
Аймшигтай хүмүүс

Мөнгө таашаалын төлөө
Мөчөө царцтал зүтгэсээр
Мөхөстөөд, хөгширсөн хойноо ч
Мөнхрөлийн төлөө шунасаар

Таны үнэнд шингэх юм.




...

1 comment:

7нбурхан said...

Ehees unahdaa bi...
I feel ancient too, lol.