Нойрмог орчлонг сэрээн өвгөдийн туучсан замаар
Найман зууны дараа богц ганзагалж ирэхдээ
Төрсөн нутгийн цэнийг хүний газар мэдэрч
Төөрч явсан өөрийгөө эндээс олохоо мэдсэнгүй
Хаяа хаяагаа хэмлэн,амь амиа тэмтэрсэн
Харгис зууныг,өтгөс минь,хар тугандаа бөхийлгөж
Зовсон олны айдас,нурсан балгасны утааг
Зол жаргалаар солих гэж ясаа энд тавьсан юм
Өргөн дэлхийн амгалан,алаг үрсийнхээ төлөө
Өргөсөн тангараг,асгасан цус одоо ч эндээс үнэртэх шиг
Өөрийгөө умартаж,түүхийн төлөө үрэгдсэн ихэсээ
Өрөвдөхийн эрхэнд дурсан бодол хэлхэж суунаа
Илдний зандчуу хашхираа тэнгэрт тоостой хадаж
Ир бүхэн амь хайж байхад
Исгэрэх гилбэрт сум зүрхнээс зөрөхөд баярлаж
Эсгэсэн шархаа,шимж нулимчхаад өндийхдөө тэд
Эзэн хаандаа бурхан адил итгэж
Ирээдүй хойчийнхоо төлөө амьдралаа зольж явсан юм
Энх амгалан гүрнийг Азийн зүрхэнд бүтээж
Эх дэлхийн хэвлийгээс дайны дууг таслах гэж
Ерхөг үелзсэн тал,утаат бор гэрээсээ
Ёрөөж үлдсэн аав,сүүн аргамж ээжээсээ
Ёс дагаж нулимсаа залгисан хань
Мод унаж араас дагасан үрээсээ
Тив дамжин холдохдоо морьдын нуруун дээр амьдарч
Тэсгэлгүй санаж зангирахдаа агтаа уяртал дуулж
Ядрах туйлдахын эрхэнд өссөн нутгаа үгүйлэвч
Язартал зуусан хөмхийдөө хөөмий аялж явсан юм
Ертөнцийн амгалангийн төлөө биеэ ирлэсэн хөвгүүд
Ёртөнцөд энхийг тогтоож гэртээ харьсан баатрууд
Ертөнцийн элэгнээс буцсан ч нэрээ мөнхөлсөн суутнууд
Ёртөнцийн тархи мартахын аргагүй Монголчууд
Өчүүхэн ч няцаж үзээгүй тэнгэрлэг энэ замаар
Өвчүүндээ шархтай ч дуулаад л өнгөрсөн тэдний сүнс
Өчүүхэн хүн л өчүүхний төлөө зорьдог юм
Өөрөө чи ертөнцийн хүү гэж шивнэнэм.
/ Их өтгөсийнхөө гэгээн дурсгалд... /
2007/11/20
*** Түүхийн шивнээ ***
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment