2010/07/26

,,,,,,,,, Бороо тосохуй ,,,,,,,,

.



Бороо зөгнөх оройн сэрүүн салхинд
Нүцгэн суугаад нүдээ анилаа.
Хамгийн энхрий тэврэлт
Магад, салхиных байх
Алс тэнгэрийн хаяанд
Хэн нэгэн инээх мэт
Дуугүй аянга гялбаад
Хүлээж ядсан хүсэл арьс нэвчих агшинд
Үнсэх мэт , гэнэтхэн
Бороо ...
Нэг, хоёр ... гурав, дөрөв
Тэгээд яарсан мэт цутгав.
Цочоон урсах дусал болгонд нь дуу алдамаар
Би яг л модод шиг сэрчигнэж байна.
Тэнгэрт тэмүүлэн сунаж алдлаад
Чимээгүй хашгирмаар
Халуун голоос адган баясах `` нэг юм ``
Биeийг минь цуулан гарахаар тэчъяадна.
Тэгэхэд л би
Моддод яагаад хайртайгаа ойлгосон.
Нүцгэн, тэмүүлэмтгий модод
Бороонд хэрхэн таалуулдагыг
Яагаад , тэмтрүүл мэт
Тийм олон навчтайг
Яагаад бороонд найган, догдлон нордогыг
Яг ижилхэн нүцгэн зогсоод мэдэрсэн.

Хашгирах хүслээ хорьж ядахын жаргалдаа л тэд
Үргэлж чичирхийлэн догдолдог байх ...
Бороо татархад
Дахин төрсөн мэт тэднийг
Хэрхэн жаргалтай инээмсэглэдгийг
Хараад машид атаархмаар

Үүнээс хойш мододтой барьцан
Бороо болгоныг би
Нүцгэн тосох болно .






.

No comments: