2012/01/23

...........

.




Эзгүй сүмийн тууринд хэдэн шувуу зүүрмэглэж
Эртний гашуун явдлын " хий-ор"-т нэвтэрхүй
Арц хүжис, хонх дамар, тарни түгэх савслагыг
Агаар урах чимээ, харь аялга таслав.

Итгэл цолгорч ариуссан олон Монгол хуврагууд
Эсэргүүт цагын харгислалыг хэрхэн өршөөн гэтлэснийг
Элгэндээ мэдэрсэн шувуу , гэнэт тэнгэр болоод
Эрдмийн дээд сэтгэлтнүүдийг нарны цаанаас үзэв ээ.

Бусдын төлөөх ариун шаналал, тунгалаг нулимс халагдахад
Бишид бахдлын гэгээ зүрхэн исэрт мандаад
Нисээд барахгүй тэнгэр болсноо мэдэрч
Нимгэн салхийг амьсгалаа гэж санав аа.





.

2011/10/01

... ШӨНӨ ....



Эх нутгийг минь санагдуулам
Эмзэг, бардам салхис сэнсрэх
Энэ шөнийн тохиол дор
Надад зориулсан мэт өвгөн хаднаа завилж
Наргүй eртөнцийг сэхээрэгч нүдээр ажихул


Усны толио, сарны толбо eр бусын
Өвс гудайх, толгод өндөрсөх eр бусын
Дуу авиа тархах аяс eр бусын
Дорой өнгөс мөхөж eртөнцийн хар үнэн илрэх
Дээд тивүүд тодорч зулай яргам гэрэлтэх
Салхи хөлөглөгч хий-биeсийн дуунд уярсан навчис
Сэмхэн эзэмдүүлж, зүрхээ дараад үлдэх ...


Нүднээ улиг өмсгөл бүхэн тайлагдаж
Нүцгэн шөнө нэн соргог тэмтрэгдэнэ.
Нүд хуурах гэрэлд хэт итгэснийг минь сануулж
Нам гүмийн дунд нууцаа дэлгэх eртөнц .






.

2011/09/24

............



Гүр зүрхний гашуухан санагалзал
Үхлийг гэтэлсэн ихэс ээ ?
Гэрэлгүйд сохор нүднээс минь ангид
Сэрүүн оршино уу ? та
Гэнэт уйдагч, үхлийг шинжлэхийг хүсэгчийн
Гүнээс түгэх, аргалшгүй дууг сонсооч !

________( Дүлэгнэх харанхуйд салхи амилах шиг
_______________________________болохуй
________Үс босож, хуйх атираад
________Амь халуун минь агшин зуур
________Зулайгаар гарчих шиг санагдав. )

-- Эцсийн амьсгалын дараа юу мэдэрсэн бэ ?
/ хэмээн зулай дээрхи халуун минь асуув /
-- Уснаас гарах мэт мэдрэмж.
/ гэж сэрэхүйд ухагдав /
-- Дууг чинь би сонссонгүй ?
-- Надад дуу үгүй .


-- Эрлэг хийгээд бурханыг үзэв үү ?
-- Энэ бүхэн чинь чи өөрөө
Эх язгууртаа эргэж хүрээд
Нил гэрлийн дор ормогц
Нартаас цуглуулсан хар, цагаан чинь
Харахуйц илхэн, чи өөрийгөө шүүнэ.

-- Таны нүдэнд амьдрал ямар харагдана вэ ?
-- Шалны хээ тойрч гүйх хорхойг хараад
Чиний мэдэрсэн шиг мэдрэмж.
Амьдралыг танъя гэвэл
Бүү сатаар! дотрох хоригдлоо сулла.

-- Төрөхөөс үхэхийн хоорондох энэ бүхэн юу вэ?
-- Амьтанлаг сэрэхүйд хүсэл шуналын занга
Хүнлэг сэрэхүйд сүнсээ нээх боломж
Бурханлаг сэрэхүйд хайрлан нигүүлсэх завшаан

Хаа ч юм чимээ гарав.
Халуун цог зүрхнээ буумагц
Хачин чимээгүйн дунд
Ганцаар ...
.







2011/03/05

. Төгөлдөр хавар

.



Хэзээ ?
Хэзээ ирчихээ вэ ?
Хачин шинэ үнэр минь
Ховсч урин амьсгалт минь
Хэвлийд бүрэлдэх амь, газарт сэрэгч үндэс
Холын нар, анхны бороог авчрагч
Эхлэн үүсэхүйн амь адислагч
Энх, нялх хавар аа

Тэнгэр хийгээд газарт хэрхэн хувьсгал хийхийг чинь
Бахдан ширтэхдээ би дуу алддаг.
Тэрс хийгээд яруу таталтын чинь чичиргээнд
Догдлож үхэлгүй шиг тэвчин үлдээд, тэвчин таашааж
Төсөөлөгдөшгүй ярууд сарнисан сэрэхүйгээ
Төсөөлөх гэж ядаад, эцэстээ
Тэр чигтээ сарнихсан гэж хүсдэг.

Төгөлдөр хаврын цэцэрлэгт өвс ургах нь сонстох
Төгөлдөр хаврын униарт үзэх хийгээд төсөөлөх балчирдах
Төгөлдөр хаврын шороонд хөлөө дүрэхэд биe ургах
Төгөлдөр хаврын бороонд нүцгэлхэд сүнс дэгдэх
-Ай төгөлдөр хавар

Анхны хайр шиг
Хэзээд догдлуулсаар ирэхийг чинь
Насаараа инээмсэглэж угтана.
Амилуулагч салхинд чинь сийчүүлэн алхана.

-Ай тэгээд, ухаанаа тайлж
Ус голын чинь эрэгт орхиод
Цагийг гэтэлж
Оргүйд одно .







.

2010/12/27

.............

.




Эрвээхэй нисэх нь,
Ухаан сарним
Чиний инээд .








.

2010/08/12

`````` Нутаг зүгийн тэнгэр ```````

.



Нутаг зүгийн тэнгэрийг
Хар зөнгөөрөө саравчилхад
Нуугдаад удсан сэтгэлийн шувууд
Хуучин балгас мэт цээжнээ сүрэглэж

Газар тэнгэрийг үл ялгатал
Ганганан үймэн нисэлдэв.
Түмэн шувууны жигүүрийн салхинд
Төрсөн биeээс сугарах мэт санагдавч

Газар хийгээд амьдралд уягдсан
Гашуун үнэний саварт хумигдаад
Өдөө зулгаах шувууны мэт шаналан
Өрцөн цаана шатаж байнаа

Хорсгом утаа нь хоолойд зангирч, амьдрал
Хүслийн тэмцэлд амьсгал давчидхад
Амилсан гэгээн мэт ганц нулимс
Амийг минь авраад газарт нөгчив өө.




.

2010/08/11

.............

.




Цээж минь
Дахин амилахыг нь эс цөхрөн хүлээх
Хайрын бунхан

Хааяахан тэнд дурсамж л
Зүрх туучин ирээд
Хачин тунгалаг санаа алдахад

Үүссэн гүм давалгаанд нь автан
Мянган оныг
Таг дуугүй үдмээр санагддаг .






.

2010/07/26

,,,,,,,,, Бороо тосохуй ,,,,,,,,

.



Бороо зөгнөх оройн сэрүүн салхинд
Нүцгэн суугаад нүдээ анилаа.
Хамгийн энхрий тэврэлт
Магад, салхиных байх
Алс тэнгэрийн хаяанд
Хэн нэгэн инээх мэт
Дуугүй аянга гялбаад
Хүлээж ядсан хүсэл арьс нэвчих агшинд
Үнсэх мэт , гэнэтхэн
Бороо ...
Нэг, хоёр ... гурав, дөрөв
Тэгээд яарсан мэт цутгав.
Цочоон урсах дусал болгонд нь дуу алдамаар
Би яг л модод шиг сэрчигнэж байна.
Тэнгэрт тэмүүлэн сунаж алдлаад
Чимээгүй хашгирмаар
Халуун голоос адган баясах `` нэг юм ``
Биeийг минь цуулан гарахаар тэчъяадна.
Тэгэхэд л би
Моддод яагаад хайртайгаа ойлгосон.
Нүцгэн, тэмүүлэмтгий модод
Бороонд хэрхэн таалуулдагыг
Яагаад , тэмтрүүл мэт
Тийм олон навчтайг
Яагаад бороонд найган, догдлон нордогыг
Яг ижилхэн нүцгэн зогсоод мэдэрсэн.

Хашгирах хүслээ хорьж ядахын жаргалдаа л тэд
Үргэлж чичирхийлэн догдолдог байх ...
Бороо татархад
Дахин төрсөн мэт тэднийг
Хэрхэн жаргалтай инээмсэглэдгийг
Хараад машид атаархмаар

Үүнээс хойш мододтой барьцан
Бороо болгоныг би
Нүцгэн тосох болно .






.

2010/07/22

``` Тэр ```

`


Тэнгэр дуугарахыг бахдагч, зул барихыг хүсэгч
Тэртээх жилүүдийг дурсагч, энэтээх өдрүүдийг гомдоогч
Тэгээд гомдлоор нь шүлэг исгэж шимээд, мэлтгэр сарны дор
Халуун цусанд мансуурагч ирвэс мэт анилдагч

Унтаа сэрүүний завсарт хоосонд хувилж амирлаад
Тэмтрүүлдээ торогч бүхнийг оюунд хөрвүүлэгч
Дээд төрөлтний чимээг сонсох гэж дэмий мөрөөдөгч
Дэргэдийн амьдралаас уйдаж санааны үлгэр зохиогч

Сэтгэлийнхээ долгист хөвөгч, халуун догдлолдоо шатагч
Цээжний гүнээс тэсрэх түлхэлтийн цуурайнд захирагдагч
Дээвэр торхийх чимээнд зүрхэндээ сэрэхийг хүртэвч
Агшины шилжилтэд хуурагдан тархины бодолдоо ээрэгдэгч

Шүдэнз зурахыг хүлээх лаа мэт дүнсийж
Шүүдэрт үдшийн харцанд ханьгүй ганцаар алхана.
Шүлэг дуу ч яалаа хань болохоосоо өнгөрчээ
Шулга болжморууд л дэмий сэтгэлийг нь засах гэж зөрөлдөнө

Оддын түрүүч тэмтрэгдэх eр бусын тэнгэр өөд
Орилох мэт ширтэх гагц залуугын тайтгаршгүй нэхэлд
Огторгуй , живаа оддоо тайлал болгон цацавч
Огтын махан нүд хэрхэн тайлж уншина.

Бүдэг оддын анивалзах хэлэнд сатаарч
Бүтэн сарны завсаргүй ширтэлтэнд уяраад
Тэн-гэртээ харихийн тэрслүү хүслээ мартагнаж
Тэнэмэл салхинд тэтгэгдэн тоорог замхраан суудаг

Онож хэлэмгүй түүний мэдэрч хүрэмгүй гагцаардал
Гэрээ санасан мэт тэнгэр ширтэх нь юуных ?!
Гилбэрт оддын гэрэл уусах гүн нүдэнд нь шингэсэн
Гэгээгүй гэгээний амь альхан eртөнцийнх ?.






`

2010/07/14

................

.


Дүнсгэр моддын зүрхнээс мэлсхийн нисэх шувуу-- санаа алдалт аж .
Дүүжин гүүрний салхинаа ганхах нь -- гиюүрэл аж .
Хоосон харцыг минь дураар нисгэх нь -- тэнгэр аж .
Хоёр тогоруу мананд төөрөөд ганганах нь -- сэтгэл аж .

Өнчин лаа өр нь зангирч гэрэлтэх нь -- шүлэгч аж .
Өлөн өвс салхинд сэнсэрч нисэх нь -- амьдрал аж .
Хээрийн үнэрээс ааваа санах нь -- совин аж .
Хэсэгхэн үүл уулс давах нь -- гомдол аж .

Хэцийн овоонд хадаг гандах нь -- хорвоо аж .
Хаврийн амьсгалд цас ханзрах нь -- тайтгарал аж .
Уужмын нар, зүрхний жирэлзэх голд нэвчээд
Уурших нь -- инээмсэглэл аж .
Ургамлын сүнс цээжинд шүглээд
Зөн хүлээх нь --Их амирлал аж .





.